Гар утасны наймаачид урлагийн бүтээл хулгайлсаар байна

Гар утасны наймаачид урлагийн бүтээл хулгайлсаар байна

Оюуны өмчийн газраас нэгэн чухал уулзалтыг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд зохион байгууллаа. Уулзалтад  олон улсын оюуны өмчийн байгууллага болох CISAC-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Анг Квий Тианг оролцож, оюуны өмчийн бүтээлийн хамгаалал болоод хамтын ажиллагааны байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцахаар ирснээ танилцуулсан юм. Өнөөдрийн уулзалтад Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах төв холбоо, Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучны эрхийг хамгаалах монголын үндэсний нийгэмлэг, Дуу бичлэг үйлдвэрлэгч, уран бүтээлчдийн холбоо, Монголын зохиолчдын эрхийг хамгаалах үндэсний нэгдсэн нийгэмлэг, Монголын зохиолчдын оюуны өмчийг хамгаалах төв гэхчилэн олон байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо. Энд нэр дурдсан олон холбоодоос гадна уран бүтээлчдийн байгуулсан холбоо нийгэмлэгүүд цөөнгүй. Эдгээр байгууллагууд цөм уран бүтээлийг хамгаалах, оюуны өмчийг үнэлэх нэг зорилготой ч эвлэж нэгдэхдээ тааруу байдгаас эцсийн үр дүн сайнгүй байгаа тухай ярилцсан. Түүнчлэн уран бүтээлчдийн их хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө хүч зарж бүтээсэн бүтээлийг хуулбарлах явдал газар авсныг таслан зогсоох, зөвхөн Монголдоо төдийгүй гадаад улс оронд ч урлагийн бүтээлээ алдсаар байгаа тул олон улсын оюуны өмчийн байгууллагад нэн даруй элсэх нь зүйтэй гэдэг дээр уран бүтээлчид санал нэгдсэн юм. Уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хороо болон гар утасны оператор компаниуд ч мөн оролцсон. Мобиком компанийн охин компани болох “Монгол контент” компанийн зүгээс  2005 оноос хойш оюуны бүтээлийг хэрэглээний тоон бүтээгдэхүүн болгон хувирган арилжаалж иржээ. Энэ хугацаанд гар утас хэрэглэгчдэд дуу хөгжим, зураг, тоглоом, уран зохиол, видео зэргийг хүргэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийн төлбөрийг уран бүтээлчдэд өгчээ. Скайтел, Юнител компаниудын хувьд ч уран бүтээл ашигласны төлбөрийг өгсөөр иржээ. Гэвч харамсалтай нь компьютер, гар утасны наймаачдын 97 хувь нь урлагийн бүтээлийг үнэ төлбөргүй татаж өгдөг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн урлагийн бүтээлийг үнэ төлбөргүйгээр ашиглагчдын тоонд дуун өргөө буюу караоке ажиллуулагчид багтаж байгааг мөн үеэр хөндөн ярилаа.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *